Friday, February 24, 2017

Астерискчуудын нэг өдөр

Астерискчуудын энгийн нэгэн ажлын өдөр хэрхэн өнгөрдөг талаар зурагт сурвалжлага бэлтгэлээ.

Энэ охиныг Эрдэнэсүрэн гэдэг. Програмист мэргэжилтэй, оюутны ширээнээс ажлын анхны гараагаа Астериск Техноложис ХХК-д эхэлсэн, компанийн ууган ажилчдын нэг. Өдгөө бизнесийн шинжээч, төслийн менежерээр ажилладаг.

Ажил өглөө 08:30 цагт хотын түгжрэл эхлэхээс өмнө эхэлдэг тул түгжрэлд бараг л орохгүйгээр ажилдаа ирчихдэг.


 Ажил маань 10 давхарт, өглөөгүүр лифт ачаалал багатай байдаг.


Өглөө ирээд хуруугаа уншуулна, тэгээд л ажилдаа орно доо.

Сайхан кофе аягалж аваад л ажлын өдрөө эхлүүлэх ч сайхан шүү.



Японоор Чёорэй буюу Өглөөний цугларалт бол Астерискчуудын 7 хоногийг эхлүүлдэг соёлуудын нэг. Даваа гариг бүрийн 09:00 цагт бүх ажилчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оффис дээрээ цугларсан байх ёстой байдаг.  Өнөөдөр Даваа гариг тул Чёорэйтой.


Чёорэйгоор өнгөрсөн 7 хоногт болсон болон энэ 7 хоногт болох онцлох үйл явдлуудыг захирал ярьж, зогсоогоороо яриа хийж, эрхэм зорилго, үнэт зүйлсээ бүх хүнд сануулаад энэ 7 хоногт нь амжилт хүсдэг.



Ингээд л ажилдаа орно доо. Компани дотроо өөрсдийн хөгжүүлдэг Od ERP системээ хэрэглэдэг тул хүн бүрийн дэлгэцэнд өөрийн хийх ёстой ажлууд, хариуцсан төслийн явц харагдаж байдаг.



Даваа гаригийн өглөө бүр бүх төслүүдийнхээ явцыг төслийн менежерүүд албаны дарга нартайгаа сууж ярьдаг.


Эрдэнэсүрэн програмист мэргэжилтэй боловч одоо төслийн менежер болсон. Астерискчуудын эгнээнд нэгдсэн хүн эхлээд програмист байх нь элбэг байдаг боловч хүн өөрөө хичээвэл хэдхэн жилийн дараа гэхэд систем-бизнесийн шинжээч, төслийн менежер хийх хүртэл өөрийгөө хөгжүүлж, суралцаж, дэвшиж чаддаг юм.


Багийнхантайгаа ч мөн зөвлөлдөнө. ERP төсөл бол програмистууд, санхүүгийн зөвлөх, бизнесийн шинжээч, төслийн менежер болон захиалагч нарын хамтын ажиллагаатайгаар л амжилттай хэрэгждэг төсөл юм шүү дээ.


Нэг л мэдэхэд цайны цаг болчихно, өглөө ч хурдан өнгөрдөг шүү. Өглөөний цагаар завгүй ажилчихаад хамт олонтойгоо цайндаа орох сайхаан.


Өдөр захиалагч дээрээ очиж хурал хийнэ. Эрдэнэсүрэн яг одоо нэгэн шүдний эмнэлэгт ERP системээ нэвтрүүлж байгаа.  ERP систем нэвтрүүлнэ гэдэг шинэ шинэ бизнесийн онцлогуудтай танилцаад сонирхолтой, бас адал явдалтай огтхон ч уйдахааргүй ажил шүү.


Төслийн явцаа захиалагчтай дундаа ашигладаг төслийн менежментийн багажид хөтөлж хянаж явдаг.


  Хэрэв хурлаа эрт тарчихвал буцаад ажил дээрээ ирнэ дээ.


Ингээд ажлын нэг өдөр дууслаа. Ажил 17:30-д тардаг, гэхдээ ажил ихтэй үед бол үргэлжлүүлээд л сууна шүү дээ. Астерискчуудын нэг өдрөөр хамт аялсан танд баярлалаа. Манай компанитай танилцахыг хүсвэл http://asterisk-tech.mn/ хаягаар ороорой.



Monday, November 2, 2015

"Asterisk" гэж юу гэсэн үг вэ?

Компанийнхаа пэйж дээрээс "Астериск" үгний тайлбарыг аваад ирлээ. Олон хүн асуудаг юм, "Компанидаа яагаад Астериск гэж нэр өгсөн бэ?" гэж. Ийм учир жанцантай өгсөн нэр юм шүү дээ.

Asterisk гэдэг нь Грекийн ἀστερίσκος, asteriskos гэсэн үг бөгөөд энэ нь "жижиг од" гэсэн утгыг илэрхийлдэг.

Гэвч компьютерийн шинжлэх ухаанд маш олон хэлбэрээр хэрэглэгддэг.
1. Од буюу (*) тэмдэгтийг Asterisk гэж нэрлэдэг.
2. Asterisk тэмдэгт нь үржих үйлдлийг тэмдэглэдэг.
3. Коммандын мөр, Regular expression буюу хайлтын илэрхийллүүдэд asterisk тэмдэгт нь ямар ч хамаагүй тэмдэгт хэдэн ч удаа давтагдсан байж болохыг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл ямарваа текст гэсэн утгыг илэрхийлдэг. Иймээс нууц үг шивэх үед ямарваа текст гэсэн утгыг илэрхийлж asterisk тэмдэгтээр харуулдгийг та бүхэн мэдэх билээ.
4. Веб дээр маягт бөглөж байх үед заавал утга оруулах ёстой талбаруудыг asterisk тэмдэгтээр ялган харуулдаг.
гэх мэт маш олон хэлбэрээр хэрэглэгддэг. Мөн маш олон төрлийн asterisk тэмдэгт компьютерт байдаг. Жишээлбэл:

٭




Манай компанийн хувьд дээрх олон утга санаанаас санаа авч "бүх" төрлийн технологиор "үржин хөгжих" бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлж салбартаа "Од" болно гэсэн утгыг бэлэгдэж "Астериск Техноложис" хэмээх нэрийг компанидаа хайрласан билээ.

Monday, September 7, 2015

80/20 зарчмыг туршсан минь

Өчигдөр номын дэлгүүр орохдоо "80/20 зарчим" номыг аваатахсан юм.

Бүтээгдэхүүний 20% нь орлогын 80%-г бий болгодог. Хийж буй ажлын 20% нь үр дүнгийн 80%-г бий болгодог. Цаашлаад гэмт хэрэгтнүүдийн 20% нь нийт гэмт хэргийн 80%-г хийдэг. Нийт гэрлэгсдийн 20% нь салалтын 80%-г эзэлдэг гэх мэт бидний амьдрал дээрх бүх үзэгдэлд хамаатай гэгддэг "Паретогийн зарчим" гэх энэ зарчмыг олон удаа сонсож байлаа. Гэхдээ хэзээ ч туршиж үзэж байсангүй. Өнөөдөр номоо уншиж байгаад зүгээр ч нэг уншчихгүй ямар нэг юман дээр туршиж үзмээр санагдаад болдоггүй, компьютер дээр минь байсан нэгэн борлуулалтын өгөгдөлтэй баазыг сэргээж байгаад query-дэж гарав.

Үр дүнг нь хараад бүр ангайж орхив. Бүр яг 80.18 / 20 гэсэн үр дүн гарлаа! Бараануудыг борлуулагдсан нийт үнийн дүнгээр нь эрэмбэлж байгаад хамгийн их борлуулагдсан эхний 1/5 буюу 20% барааны жагсаалтыг select хийв. Тэгээд энэ 1/5 буюу 20% барааны борлуулалтын үнийн дүнг бүх барааны нийт борлуулалтын үнийн дүнд хуваагаад 100-р үржтэл 80.18 гардаг байна шүү!
 
Хэрэв манай компанийнхан уншиж байгаа бол яг төслийг чинь, ажлыг чинь 80%-р урагшлуулж чадаж байгаа, яг захиалагчийг сэтгэл хангалуун болгож чадаж байгаа тэр л 20%-н ажлаа зөв олж цагаа зарцуулмаар юм байна шүү гэж л хэлмээр санагдлаа.

Мэдээж excel дээр энэ тооцоог хийчихэж болох боловч хэрэв танай байгууллага ERP-тай бол тэр 80% орлогыг дангаараа бүрдүүлээд байгаа 20%-н бүтээгдэхүүн юу юу болохыг, яг үр дүнгийн 80%-г бүтээгээд байгаа 20%-ийн ажил маань аль болохыг, яг 80%-ийн ажлыг нугалаад байгаа 20% ажилтнууд хэн хэн болохыг, хэрэглэгчээс ирсэн нийт гомдлын 80%-г бүрдүүлээд байдаг 20%-ийн шалтгаан юу юу болохыг г.м олон мэдээлэл дээр realtime шинжилгээ хийж дараагийн зөв үйлдлээ хийх боломжтой болох нь байна шүү дээ :)

Saturday, September 5, 2015

ERP гэж юу вэ?


ERP system гэдэг нь Enterprise Resource Planning system гэдэг үгний товчлол ба Монголоор Байгууллагын нөөц төлөвлөлтийн систем гэж орчуулагддаг.

ERP систем бол байгууллага дээрх бүхий л өгөгдлийг нэг системд төвлөрүүлдэг цогц систем ба аль ERP бүтээгдэхүүн гэдгээсээ үл хамааран дараах үндсэн модулиудтай байдаг.
  • Худалдан авалт
  • Үйлдвэрлэл
  • Агуулах
  • Борлуулалт
  • Борлуулалтын цэг (POS)
  • CRM
  • Санхүү
  • Төсөв
  • Төсөл
  • Хүний нөөц
  • Цалин
  • Маркетинг
Модуль гэдгийг дэд систем, дэд програм гэж аль ч утгаар нь ойлгож болох бөгөөд зүгээр л бие даан ажиллах чадвартай хэрэглээний програм хангамжийг хэлж байгаа юм. Манай компанийн одоо нэвтрүүлдэг Od-ERP систем нь дээрх жагсаалтаас ч олон модулиудтай байдгийг дараа дараагийн бичлэгүүдээрээ дэлгэрэнгүй танилцуулах болно.

Бидний санхүүгийн програм, хүний нөөцийн програм, CRM, POS, WMS гэх мэт олон нэр томъёотойгоор хэрэглэгдэг програмууд бол бүгд ERP систем дотор агуулагддаг дэд системүүд юм.

ERP нэвтрүүлснээр байгууллагад дараах давуу талууд үүсдэг.
  • Өгөгдлийн давхардал үгүй болох
  • Ажлын давхардал үгүй болох
  • Ажил хурдан явдаг болох
  • Тайлан тооцоог хүссэн үедээ бодит хугацаанд (realtime) авч чаддаг болох
  • Шийдвэр гаргах процесс хурдсах
  • Ажлын хяналт сайжрах
  • Ажил хэн дээр хүлээгдэж байгааг мэддэг болох
  • Цаг хэмнэгдэх. Дагаад мөнгө хэмнэгдэх.
  • Боломжит бүх ажил автоматжих
  • Гар ажиллагааны алдаанууд үгүй болох
  • Бүтээмжийг хянаж чаддаг болох
  • Алба хэлтэс хоорондын уялдаа, холбоо сайжрах
ERP систем нэвтрүүлэхийн тулд тухайн байгууллага дээр одоо явагддаг бизнес процессуудыг өөрчлөх, сайжруулах, шинэ дүрэм журам гаргах хэрэгцээ гардаг тул ERP нэвтрүүлнэ гэдэг бол тухайн байгууллагын хувьд менежментээ сайжруулахын нэр юм.

"Тоолж чадахгүй бол удирдаж чадахгүй", "Хэмжиж чадаж л байвал сайжруулж чадна" гэж Peter Drucker хэлсэн байдаг. ERP систем бол "Тоолж чаддаг" болгодог систем юм.

Tuesday, September 1, 2015

Эхний пост. ERP-тай холбогдсон товч түүх


Сайн байцгаана уу? Оюутан байхдаа блог бичдэг байснаа болиод түүнээс хойш 6 жил өнгөрчээ. Магистраа төгссөнөөс хойш буюу сүүлийн 4 жилийн хугацаанд миний ажил, амьдрал ERP (Enterprise Resource Planning) гэдэг системтэй холбогдож, энэ системийг сурч, судлаж, хөгжүүлж, нэвтрүүлсээр өнгөрсөн юм.

ERP системийн талаар өөрийн сурсан мэдсэн мэдлэг дээр тулгуурлан Монголын IT мэргэжилтнүүд Гоби нэрээр нь мэдэх Отгонбаяр захиралтай хамтран "Астериск Техноложис" компанийг 2 жилийн өмнө үүсгэн байгуулсан бөгөөд өнөөдөр компани маань 30-аад чадварлаг мэргэжилтэнгүүдтэй болж өргөжин хөгжөөд байна. Компани маань Odoo ERP гэж нээлттэй эх бүхий системийг дагнан хөгжүүлж, нэвтрүүлэхийн сацуу Сүлжээ, мэдээллийн технологийн цогц үйлчилгээ үзүүлж байгаа билээ.

Od-ERP = Odoo ERP + Монголын аж ахуйн нэгжүүдэд зориулсан модулиуд

Od-ERP гэдэг бол бидний Odoo ERP систем дээр нэмж Монгол аж ахуйн нэгжүүддээ зориулан өргөтгөн хөгжүүлсэн ERP бүтээгдэхүүн юм.

Байгууллагадаа ERP нэвтрүүлэхээр зорьж байгаа хүмүүст, компанидаа шинээр орсон залуучууддаа зориулж, мөн мэргэжил нэгт нөхдүүдтэйгээ санал бодлоо солилцох зорилгоор ERP, OdooERP, Od-ERP болон компанийнхаа тухай, IT-ийн аливаа сэдвийн тухай, програм хангамжийн мэргэжлийнхээ тухай, IT-ийн бизнесийн тухай, энтрепренёр амьдралын тухай зэрэг сэдвүүдийг хамран бичмээр санагдсан зүйлсээ бичиж байхаар ERP-ийн тухай нэгэн сайн Монгол контент болох болтугай хэмээн 9 сарын 1-ний өдөр энэхүү блогоо нээлээ.